Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Monday, April 14, 2008

Харамчийнханы дууль : Дөнгөтийн Цоодол

Айхавтар гар чангатай ах дүү хоёр байх

Адлаж,тэднийг хүмүүс Харамчийнхан гэ

Сансар эмгэдийн бэлийг хонь нь бүрхэж

Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядаж

Үе дамжсан баян харамчийнхны хот айл

Үүл мэт нэвсийцгээн аж төрдөг байлаа

Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор

Гэр бүрээс сайтай өвөлжинөө нүгэл

Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй

Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно

Хүүхнүүд нь дээлээ гурван наадмаар солихгүй

Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй

Хониндоо барагтай бол хүрэхгүй, зээр гөрөөсхөн эргүүлж

Холоос гийчин ирвэл хоормог тарагхан дөхүүлцгээнэ

Ганц хайрцаг шүдэнз айл нь гуйхад

"Гал гаргадаггүй өдөр"-өө гээд халгаадаггүй гэлцэнэ

Хавийн улс амьтан хөх инээдээ барж

Харамч муугийн үлгэр, үгийн хачир болгоно

Тэр л янзаар он жилүүд өнгөрсөөр

Тэртээ жил гэнэтхэн дайн гарав

Халх гол уруу агт туух юм болж

Хамгийн овоо гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээв

Харамчийнхан л яадаг бол, гар тэнийхгүй дээ! гэж

Хар амлацгаасан улс гайхаж гүйцэв

Суналзсан уургаа барьсаар мань Харамчийнхан

Сумын төв дээр адуугаа багширтал хурааж ирлээ

Буруу зөвгүй номхон аль хурдан хурцыгаа

Бузар дайсныг намнах баатрын хүлэг бол гэж өгцгөөлөө

Агт хөдлөөд хэдхэн хонотол

Ах дүү хоёр харамч хоёулаа цэрэгт мордсон юм

Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь

Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм

Цурамхийлгүй хүлээх ээж нь хоёр хүүгээ харамласангүй

Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй
Цуг явна аа гэж айлгасан хүү нь ааваа харамласангүй

Цуутай харамчийнхан юугаа ч харамласангүй ээ

Бүрээн дуунаар нөхдөө давших цагт

Бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг

"Сумаа харамлаж байж энэ хоёр сүйд болно доо" гэж

Суман, салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юм

Унахын учиргүй уул шиг хоёр сайхан хархүү

Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм

Хамгийн хүнд мөчид Эх орон танаасаа

Харамчийнхан амиа бас харамласангүй ээ

No comments: