Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Wednesday, October 29, 2008

Ц. Хулан : Би ч бас ийм л явсан


Залуу хос хөтлөлцөн өнгөрч, инээлдэн одно
Зам тавьж өгөөд би араас нь ширтэнэ
Аз жаргал гэдэг алга урвуулахын төдий мэт
Амьтны энэ хоёр үр сална гэдэг ч өдий мэт
Нэгэн цагт би ийм л явсиймаа
Нэхэлгэж гайхалгүй чиний гараас хөтлөөд
Инээд хөөр цалгиан, хүзүүдэн тэвэрч
Ирээдүй болоод ганцхан чамдаа итгэж л явсаан
Алдрайхан чамтайгаа
Амьдралыг хамт туулах юм шиг
Амраг сэтгэл уйдахгүй
Яваад л байх юм шиг андуурсаан
Алдхан хоёр гараа жигүүр мэт дэлгээд
Айсуй салхи шуурганд хацраа тавьж өгөөд
Алслан холдох чиний зүгээс гүйхдээ ч
Асгарах борооны нойтон нударгаар
Алгадуулахдаа хүртэл инээж л явсаан
Тэр бүхнээс одоо юу үлдэв?
Тэнгэрлэг биш газрын амьдралд дасаад
Тээртэй ч юм шиг дурлалынхаа далавчийг тайрч
Тэрэгний морь шиг сажилсан ертөнцийн хоногийг
Барсаар л дуусах цагт өөдөөс минь
Бас дахиад л залуу хос, өөр нэг залуу хос
Гараа хөтлөлцөн өнгөрч инээлдэн одно
Гайхахын хэрэггүй, би ч бас ийм л явсиймаа