Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Tuesday, December 25, 2007

Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

Friday, December 14, 2007

АМЬДРАЛ БА ХАЙР

Алдаж болохгүй мөнгөн аргамж
Хэрэв гарнаас чинь мултарвал
Хэзээ ч эргэж ирэхгүй
Хээрийн зэрлэг шувуухай.
Аавын хүүг дуулуулж жаргаавч
Ээжийн охиныг инээлгэн баясгавч
Аглаг дэлхийг цэцгээр чимэвч
Алтан нарыг үүлээр гоёвч
Үнэн дүрээ гэнэт үзүүлж
Үзүүргүй зовлонгийн ирээр сийчэн
Олон үггүй ширүүн харцаар
Ороолгоод авах дүүжлүүрийн олс оо
Амьдрал гэдэг.
Хайр гэдэг алтан таваг
Ханаж цадамгүй амтат жимс
Нэгэнт таваг чинь хоосорвол
Нэхээд эрээд олдохгүй
Нэгхэн эрдэнийн сувд.
Хаан эзэнд ч, харц ардад ч
Хамгийн суутанд ч, харалган тэнэгт ч
Хэлэлгүй очоод, хийсэн одох
Хорлонтой өвчин, хосгүй жаргал аа
Хайр гэдэг.

Monday, December 3, 2007

Нүднээс минь доглон нулимс унасан нь
Чиний явсан мөр байна
Нүцгэн модны мөчирт ганц навч дүүжлэгдэх нь
Чиний амласан хайр байна.
Шархадсан баатар шиг шаналан
Дурлалдаа халуурч
Шампалын орон гэж андууран
Чи над дээгүүр явж өнгөрсөн байна
Харцны минь сүүдэрт сэрүүцэж
Халуурахад минь бүлээцэж
Хараа алдарч хайртаа дарлуулсан
Хүүхэн хүний зүрхэн дундуурЧи явж өнгөрсөн байна
Магнайд минь гурван зураас тодорсон нь
Магад, чиний явсан мөр байна
Ихэр саран зүүдэлж үүрээр жинтсэн шөнө
Энэ бас чиний л явсан мөр байна
Балд шунах эрвээхэй шиг
Аалинд согтож
Бүжгийн тэнхим гэж андууран
Бүдэрч босч явсан байна, над дээгүүр
Инээдний минь эгшигт хоргодож
Ихэмсэгт минь татагдаж
Ижил үгүйлж хайр хүлээсэн
Их хүний тархин дундуур явж өнгөрсөн байна, чи
Нүднээс доглон нулимс унасан нь
Чиний явсан мөр байна
Нүцгэн модны мөчирт ганц навч дүүжлэгдэх нь
Чиний амласан хайр байна.